1962 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд “Дуу хөгжмийн багшийн анги” нээгдэж, “Дуу хөгжмийн мэргэжлийн багш” бэлтгэж эхэлсэн бөгөөд УГЗ Д.Жанчив анхны сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байжээ. Түүний үүсгэсэн дэг сургалтаар 1998 он хүртэл нийтдээ 33 төгсөлтөөр 1000 гаруй дуу хөгжмийн багшийг бэлтгэж Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөллүүд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав Төрийн шагналт Ц.Нацагдорж Ц.Чинзориг Х.Билэгжаргал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж. Б.Бямбабаяр Т.Сэр-Од зэрэг авьяаслаг хөгжмийн зохиолчид төрөн гарчээ.
2015 оноос БСШУЯ - ны шийдвэрээр МУБИС - ийн УБТС - д багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр дуу хөгжмийн багш бэлтгэх сургалтыг дахин сэргээн зохион байгуулж эхэлсэн.
МУБИС - ийн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан, “Дуу хөгжмийн багш”-ийн ангийг Багшийн сургуульд шилжүүлж “Урлагийн боловсролын тэнхим” нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2020 оны 9-р сарын 23-ний өдрөөс эхлэн “Хөгжмийн боловсролын тэнхим” нэртэйгээр бакалавр, магистр, хөрвөх, эчнээ анги болон БНХАУ-ын Шилийн гол аймгийн Хөгжмийн дээд сургуультай хамтарсан 1+1+2 хөтөлбөр, Хөлөн буйр дээд сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрөөр дотоод, гадаад оюутан сургаж байна.
2020 онд “Багш, урлагийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Тус тэнхимийн бакалаврын сургалтад нийт 8 үндсэн багш ажиллаж байгаагаас гадна Монгол улсын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн ахмад багш нар, хөгжмийн чиглэлийн тэргүүлэх зэргийн доктор багш нар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Хөгжмийн боловсролын тэнхимийн багш нар сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийг хослуулан явуулдаг бөгөөд Монгол улсын урлаг, соёл, боловсролын салбарт нэр алдраа мандуулж яваа шилдэг уран бүтээлч, багш нарыг төрүүлэн гаргасаар байна.