"СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН" ЦОЛООР ШАГНАГДЖЭЭ

Багшийн сургуулийн багш, хүндэт төгсөгч  О.Сундуй "Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа. Тэрээр шагнагдсан сэтгэгдэлдээ: "Хүү нь өнөөдөр Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цол хүртлээ. Надад аз жаргалтай хүүхэд нас, авьяас билиг хайрласан аав ээж хоёртоо баярлалаа. Ажил үйлс, аливаа сайн сайхан бүхнийг авшиг буянаараа тэтгэж байдаг нутаг усандаа баярлалаа. Амьдрал, уран бүтээлийн минь баяр баясгалан болсон хань, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхөд, уншигч хүүхдүүддээ баярлалаа." хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Оюунбадамын Сундуй 1960 он төрсөн. Хүүхдийн зохиолч яруу найрагч. Багшийн сургуулийг төгсөөд сумандаа 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиол дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаран ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгожээ.

Мөн хүүхдийг уран зохиолд дуртай болгохын тулд жил бүр маш олон хүүхэдтэй уулзаж, ном уншиж өгч захидлаар харилцсан байна. Зохиолчтой багаасаа хамтран ажилладаг хүүхдүүдийн ном уншаад бичсэн олон шүлэг, үлгэр, сэтгэгдэл захидал түүний архивт  байдаг байна. МУСГЗ хүүхдийн зохиолч О.Сундуй 2016 - 2020 оны хооронд Багшийн сургуульдаа "Хүүхдийн уран зохиол"-ын лекц уншиж, уран зохиолын дугуйлан удирдан ажилласан юм. 

 

Бусад мэдээ