Бидний тухай

ТАНИЛЦУУЛГА

1922 онд Ардын засгийн газрын тогтоолд: “... Бидний монголчууд залуу хөвгүүд охидыг цуглуулан, бага сургууль байгууллаа. Гэвч түүний үр шимийг 7-8 жилээс нааш үзэж чадахгүй, хэрэв бид хамгийн оюун ухаантай, бичигтэй хүмүүсээс янз бүрийн эрдэм ухааныг сургах сургуулийг байгуулах юм бол бидэнд ихээхэн тусыг хүргэнэ. Иймээс энэ онд 4 сарын хугацаатайгаар хүмүүсийг сургаж, түүнд сар бүр 30 лан мөнгө олговол зохино” гэжээ. Энэ шийдвэрийн дагуу тэр үеийн сургуулийн асуудал хариуцаж байсан Дотоодыг хамгаалах яамнаас Багшийн сургууль байгуулахаар тогтож, намрын сүүл сард Нийслэл хүрээнд аймаг, хошуунаас нас залуу, бичиг үсэгт боловсронгуй хүмүүсийг цуглуулж, 2 багш, 15 сурагчтайгаар нээн хичээллэсэн байна.

Үүний дараа 1923 оны 4-р сард уг курсийг 40 хүнтэй дахин нээж, 1924 оны цагаан сарын шинийн нэгнээс эхлэн 3 дахь удаа нээгдсэн курсийг нэг жилийн хугацаатай болгон “Оюутны сургууль” хэмээн нэрлэж, багш, хууль цааз, хоршоо- эдийн засгийн гурван ангитай байгуулжээ. Оюутны сургууль нь улсын багш нарыг бэлтгэх сургуулийн суурь болсон хэмээн үздэг.

Зураг 1. Оюутны сургуулийн багш нар үлгэр жишээ дунд сургуулийн сурагчдын хамт. Урд эгнээнд зүүн гар талаас багш А.А. Кольцов, Ц.Цэвэгжав, Г.Бадрах, Д.А.Абашеев, Б.С.Ишдорж, Авирмэд, А.В.Хазагаев, Далай, Рааш нар. 1926 оны 05 дугаар сарын 10

1928 оны 5 дугаар сарын 25-нд Багш нарыг бэлтгэх сургуулийн анхдугаар дүрмийг засгийн газрын 15-р хурлын тогтоолоор баталж, 8 дугаар сарын 1-ээс Оюутны сургуулийг гурван жилийн хугацаатай “Багш нарыг бэлтгэх сургууль” болгож, хууль цаазны түр сургуулийг хавсаргажээ.

БНМАУ-ын тавдугаар бага хурлын тогтоолоор “...олон сургуулиудад боловсронгуй багш нар дутагдаж байгаа тул Багшийн сургуулийн орон тоог нэмэгдүүлж, тусгай түр сургууль байгуулах, сургуулийн чөлөө цагийг тохиолдуулан багш нарын хурал хуралдуулж, давтан сургаж боловсруулах зэргээр багш нарыг бэлтгэн гүйцэтгэх явдлыг түргэвчлэх” хэмээсний дагуу Багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд бусад сургуулийн багш бэлтгэх курс байгуулж, төрөл бүрийн мэргэжлийн хичээл заах багш нарыг бэлтгэж байжээ.

Тэр үеийн 5 аймагт дунд сургууль байгуулах шаардлага тавигдаж, Үлгэр жишээ дунд сургуулийн 4-р ангийн анхдугаар төгсөгчдийн үнэмлэх бичиг авсан 16 сурагчдыг 1929 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Багш нарыг бэлтгэх сургуульд шилжүүлж, 3 сар шахам хугацаагаар курс хийлгэснээр дунд сургуулийн анхны багш нарыг бэлтгэжээ.

Зураг 2. 1929 онд Багшийн сургууль төгссөн дунд сургуулийн анхны багш нар      

  1. Зүүн гар талаас өвөр эгнээнд: Е.Гомбодорж, Ю.Дондог, С.Базарханд
  2. Дунд эгнээнд: Б.Содов, М.Гунгаажав, Ц.Шаравнямбуу, М.Мишиг, Ч.Нацаг, Б.Ядамсүрэн, Ч.Сэнгэдорж, Б.Чүлтэм
  3. Арын эгнээнд Ч.Дашням, Л.Балжир, Д.Даш, Ч.Палаан

Эдгээрийн дотроос хожим Ц.Шаравнямбуу, Л.Балжир, Ч.Палаан, Д.Даш нар Гавьяат багш, Е.Гомбодорж Гавьяат жүжигчин болжээ.

Багш нарыг бэлтгэх сургууль нь зөвхөн бага, дунд сургуулийн багш нар бэлтгээд зогсохгүй курсээр кино механикч, клуб, улаан булангийн эрхлэгч, бичээч, засаг захиргааны хариуцлагатай хүмүүсийг улс эх орондоо бэлтгэн өгч байв.

1923 оныг 1929 онтой харьцуулбал, Багш нарыг бэлтгэх сургуулийн сурагчдын хувь 10 дахин өсөж, тусгай тогтоосон дүрэм, журамтай, хичээлийн нарийн хуваарьтай, ном сурах бичиг зэрэгтэй болж, багш бэлтгэх анхны тогтолцоо бүрэлдэж байв.

Багшийн сургуулийг төгссөн багш нар манай улсын хүн амыг бичиг үсэгт сургах ажлын суурийг тавилцсныг цохон тэмдэглэх ёстой.

1930 оны 4 дүгээр сарын 7-нд БНМАУ-ын VI их хурлаас гаргасан тогтоолд: “Бага сургуулийн тоо олшрох тутам багш нар дутагдах нь үлэмж болох бөгөөд энэ тухайд Багш нарын сургуулийн сурагчдыг дөрвөн зуу болгосугай” хэмээн заажээ.

Сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэх, улсдаа сурган хүмүүжүүлэх болон улс төрийн мэдлэгтэй боловсон хүчнийг олноор бэлтгэхийн тулд сурагчдын орон тоог нэмэгдүүлж, сургах зүйлийн агуулгыг өргөтгөж, олон янз хугацаа бүхий анги курсийг нэмэн байгуулж, шинэ эргэлтийн бодлогыг Ардын гэгээрлийн байгууллагад биелүүлэх, ялангуяа бүх хүмүүсийг бичиг үсэгт сургахын тулд соёлын довтолгооны багш нарыг бэлтгэн гаргаж байжээ.

БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 8 сарын 11-ний тогтоолоор латин цагаан толгойг баталж, 1931 оны зунаас эхлэн тусгай газар, үйлдвэрүүдэд хүн амыг латин цагаан толгойд сургах курсууд байгуулагдаж, энэ зорилгоор 50 багшийг тусгайлан курсээр бэлтгэжээ. Гэвч сургалтын явцад ихээхэн хүндрэл гарсныг харгалзан, 1932 оны 7 дугаар сард уг ажлыг зогсоож, бүх монголчуудыг эхний ээлжинд уйгаржин бичигт сургах нь чухал хэмээн тогтжээ.

1931 онд БНМАУ-ын 16-р бага хурлаас “Бага ястны дотор сургууль соёлыг онцлон хөгжүүлэх тухай” тогтоолын дагуу Багшийн сургуульд казах багш бэлтгэх анги, урлагийн анги нээн хичээлүүлжээ.

1930-1940-өөд онд тус улсад явагдсан “Соёлын довтолгоон” ба хүн амыг бичиг үсэгтэй болгох асуудлыг “манай улсын онц зорилго” гэж үзэж, түүнд Багшийн сургуулиар бэлтгэгдсэн багш нар чухал үүрэг гүйцэтгэж байв.

1931-1951 онуудад тус сургуулийн дэргэд байцаагчийн анги, биеийн тамирын багш нарыг бэлтгэх курс, лам нарын анги, хятад сурагчдын анги, орос сурагчдын анги, Өвөр монгол сурагчдын анги, хариуцлагатны анги, орос хэлний орчуулагчийн курс, цэцэрлэгийн багшийн курс зэргийг нээн ажиллуулжээ.

1938-1939 оны хичээлийн жилд Багшийн сургуульд 232, орчуулагчийн 30, уран сайхны сургуульд 30, дээд сургуулийн бэлтгэлд 37 оюутан суралцаж байв.

БНМАУ-д мэргэжилтэй багш нар ихээхэн дутагдаж байсан тул Монголын Засгийн газрын хүсэлтээр ЗСБНХОУ-ын Гэгээрлийн ардын комиссараас 1940 оны 10 дугаар сарын 31-нд гаргасан 1668 тоот тушаалыг үндэслэн, Монголрабфакийг өөрчлөн, 3 жилийн сургалттай Багшийн сургууль болгон зохион байгуулжээ. 1941 оны 7 дугаар сарын 1-ээс Улаан-Үд хот дахь Монгол багшийн сургуулийн сурагчдыг БНМАУ-ын Улаанбаатар хотноо шилжүүлж, БНМАУ-ын 20 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, номын санг ЗСБНХУ-ын бэлэг болгож, Монголын Засгийн газарт шилжүүлжээ. 1941 оны байдлаар Улаан-Үдийн Багшийн сургуульд 202 хүн сурч байснаас 41 нь төгсөх ангийн /үүнээс 27 нь бага ангийн багш, 14 хүн нь түүх, газарзүйн багшаар бэлтгэгдсэн/ оюутан байжээ.

1941 оноос Багшийн сургуульд Зөвлөлтийн багш, сургагч нар олноор уригдан ирж, европын соёлыг монголд түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Зураг 3. Багшийн сургуулийн багш нар. 1943-1944 он (зургийг Үндэсний Төв Архиваас)

  1. Баруун гар талаас өвөр эгнээнд: Х.Далхжав (1942 онд анхны гавьяат болсон 4 багшийн нэг), сургагч багш А.Ф.Шишкинская (1941-1942 онд Архангайд, 1943-1944 онд Багшийн сургуульд ажиласан), Ч.Палаан (Багшийн сургуулийн багш, захирал, 1949 онд гавьяат багш болсон), Рэнцэн (туслах захирал), сургагч багш
  2. 2-р эгнээнд баруун гар талаас Гомбосүрэн, сургагч багш С.А.Хамаганова, Дүгэрсүрэн, М.Цэрэндулам, Гончигжав, сургагч багш М.М.Зайцава, Г.Цэсэндагма, С.Норжмаа, Г.Пүрвээ
  3. 3-р эгнээнд баруун гар талаас Ц.Батмөнх, М.Дүгэрсүрэн, Ш.Маамхүү, Цэдэв, Дамбийбалжир, Жамбалдорж, Д.Дэнсмаа (1943 онд гавьяат багш болсон), Д.Уртнасан, Дэндэв
  4. 4-р эгнээнд М.Насанбуян (1951 онд гавьяат багш болсон), сургагч багш К.А.Олзоев, Д.Даш (1961 онд гавьяат багш болсон), С.Тамжид (1942 онд анхны гавьяат болсон 4 багшийн нэг), сургагч багш З.А.Журавлёва, зүүн захад сургагч багш Н.А.Антонова, түүний урд Г.Батсүх (1981 онд МУ-ын анхны Ардын багш болсон)

МАХН-ын XI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 1949 оноос сургуулийн насны бүх хүүхдийг хөдөөд 4 жилийн, хотод 7 жилийн боловсролтой болгох, энэ зорилгоор аймгийн төвүүдэд бүрэн дунд сургууль байгуулж, ойрын 3 жилд бүх хичээлийг шинэ үсгээр хэвлэсэн тогтмол сурах бичигтэй болгож, хангах ажил эхэлсэн байна.

Манай улсын сургуулийн насны бүх хүүхдийг 4 жилийн болон 7 жилийн боловсролтой болгох зэрэг шинэ зорилттой холбоотойгоор 1951 онд Багшийн институтыг байгуулсан нь орчин цагийн мэргэжлийн багш нарын бүхэл бүтэн армийг бэлтгэх их үйл хэргийн үндэс суурь тавигдсанаараа түүхэн ач холбогдолтой үйл явдал болов.

Төр засаг, Ардын хувьсгалын жилүүдэд тус орны аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцад Багшийн сургуулийн дэргэд янз бүрийн хугацаатай 30-аад төрлийн курс, анги, түр сургууль, мэргэжилтэн бэлтгэх салбар байгуулж байлаа. Эдгээрээс заримыг дурдвал:

  • Кино механикч, клуб, улаан булангийн эрхлэгчийн курс
  • Казак багш бэлтгэх курс
  • Урлагийн анги
  • Хятад сурагчийн анги
  • Байцаагчийн анги
  • Ядуу лам нарын анги
  • Хөгжим бүжгийн анги
  • Дунд сургуулийн багшийн 2 жилийн оройн сургууль
  • Дунд сургуулийн багш бэлтгэх факультет
  • Дээд сургуулийн бэлтгэл анги
  • Багш бэлтгэх нэг жилийн курс
  • Эмэгтэйчүүдийн 2 жилийн курс
  • Орос хэлний багш бэлтгэх анги
  • Хариуцлагатны курс
  • Өвөрмонгол сурагчдын анги
  • Орчуулагчийн ба орос хэлний багш бэлтгэх анги
  • Бага ангийн болон цэцэрлэгийн багшийн эчнээ анги
  • Пионерын удирдагчийн анги
  • Ахмад багш нарын курс
  • Номын сангийн курс
  • Дунд сургуулийн дуу хөгжмийн багш бэлтгэх анги
  • Соёл, гэгээрлийн ажилтан бэлтгэх анги
  • Биеийн тамирын багш- арга зүйч
  • Согог зүйч-бага ангийн арга зүйч хос мэргэжлийн анги зэргийг нэрлэж болно.

1938-1951 онд тус сургуулийн дэргэд 2 жилийн хугацаатай дээд сургуулийн бэлтгэл анги, дунд ангийн багш бэлтгэх факультет хичээллэж, хэл бичиг-түүх, математик-физик, биологи, газарзүйн мэргэжлээр хэдэн зуун хүнийг төгсгөн гаргасан нь тэр үеийнхээ багшийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, улмаар 1942 онд Улсын Их Сургууль, 1951 онд УБДС-ийг байгуулагдахад бэлтгэл болсон юм.

Манай сургуулиас Санхүү эдийн засгийн техникум, Худалдааны техникум, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хууль цаазын дунд сургууль, Цэцэрлэгийн багшийн сургууль, Ховд, Архангай, Дорнодын багшийн сургууль зэрэг тусгай мэргэжлийн сургуулиуд салбарлан төржээ.

1962-1973. Соёл, гэгээрлийн ажилтан, номын сангийн ажилтан, цэцэрлэгийн багш, дуу хөгжмийн багш зэрэг ангиудыг шинээр нээсэн.

1981. Пионерын удирдагчийн ангийг шинээр нээсэн.

1983. Анхан шатны сургуулийн орос хэлний багшийн ангийг шинээр нээж, 2 анги төгсгөжээ.

1989. Биеийн тамирын багшийн ангийг шинээр нээсэн.

1990. Монголд хэрэгжсэн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн багшийг сурган хүмүүжүүлэх дээд боловсролын түвшинд бэлтгэж эхэлсэн.

1992.  Анхан шатны сургуулийн дээд боловсролтой багш бэлтгэдэг “Багшийн коллеж” болон өргөжсөн.

1993. Согог зүйч-бага ангийн багш, байгаль шинжлэл-бага ангийн багшийн ангиудыг шинээр нээсэн.

1997. МУБИС-ийн харьяа сургууль болж, бакалаврын зэрэгтэй бага ангийн багш+нэг хичээлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг болсон.

XX зууны бүтээн байгуулалтын он жилүүдэд Багшийн сургуулийн багш, оюутан суралцагчид зун, намрын ажил, бүх ард түмний социалист уралдаан, ургац хураалтын уралдаан, их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулиудын болон бүх ард түмний урлагийн их наадам зэрэг бүхий л олон талт ажлуудад хошуучлан оролцож, өөрийн орны бүтээн байгуулалтын үйлсэд тусалж, улс ардын аж ахуйн гол гол салбаруудад үр бүтээлтэй ажиллаж иржээ.

Тус сургуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, алдар гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж Багшийн сургуулийн 20 жилийн ойгоор буюу 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

2002. Монгол улсын Гавьяат багш, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит сургууль болсон.

2005. МУБИС-ийн Багшийн сургууль болсноор бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, арга зүйн хувьд улам боловсронгуй болж хөгжив. Бага ангийн багш+суурь боловсролын нэг хичээл заах чадвартай, хөрвөх багш бэлтгэсэн.

2008. 2+2 үзэл баримтлалын дагуу хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Монгол хэл, математикийн хичээлийг I-VI ангид заах, бусад хичээлээс 2-ыг сонгон мэргэшиж заах чадамжтай бага боловсролын багш бэлтгэсэн.

2009. “Бага боловсролын багш” сургалтын хөтөлбөрөө анх удаагаа амжилттай магадлан итгэмжлүүлэв.

2014. Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийж, кредит системд шилжсэн. 3.5+1.5 интеграцчилсан загварыг хэрэгжүүлж, “Бага боловсролын заах арга” хөтөлбөрөөр магистрын түвшинд багш бэлтгэдэг болсон.

2017. МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр “Багш, урлагийн боловсрол” дуу хөгжмийн багшийн хөтөлбөр Багшийн сургууль дээр шилжин ирснээр, 1962 онд анх нээгдэн, 1992 он хүртэл “Дуу хөгжмийн мэргэжлийн багш”-ийг тасралтгүй бэлтгэж ирсэн уламжлал дахин сэргэв.

2018. “Багш, бага ангийн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрөө 2 дахь удаагаа 5 жилийн хугацаатайгаар амжилттай магадлан итгэмжлүүлэв.

2019. “Багш, урлагийн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрөө анх удаагаа хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд оруулж, 2020 оны 6 сард магадлан итгэмжлэгдэв.

2020. Урлагийн боловсролын тэнхим нь Хөгжмийн боловсролын тэнхим болж өргөжив.

2021. Багш нарын эрдэмжилт 50 хувьд хүрч, докторын зэрэгтэй багшийн тоо 23 болов.

Тус сургууль нь гадаад харилцааны хувьд: 

МУБИС болон Япон улсын Нагоя их сургуультай хамтран, 2016 оноос “Танака Бине оюун ухааны сорил –V” Монгол хувилбар боловсруулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

-     БНСУ-ын Жинжү боловсролын их сургуультай хамтран, “Бага боловсролын сургалтын контент, гарын авлага, сурах бичиг боловсруулах, МУ-ын бага боловсролын сургалтын хөтөлбөрт багтсан нийгмийн ухаан, математик, байгалийн ухааны хичээлээр багшид чиглэсэн сургалт явуулж, чадавхыг нь дээшлүүлэх төсөл” 2016 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна.

-     2017 оноос эхлэн, БНСУ-ын Кёнинь боловсролын их сургуультай хамтарсан “Глобал багшийн хөгжил /оюутан багш солилцоо/” төсөл, Японы Айчи боловсролын их сургуультай хамтран, жил бүр “Олон соёлын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг тус бүр амжилттай хэрэгжүүлж байна.

-     БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отгийн өмнөд хошууны Үндэстний ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, оюутны багшлах дадлагыг 2019 оноос хэрэгжүүлж эхлээд байна.

-       Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилттэй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтын чанарыг дээшлүүлэх ажлууд эрчимтэй хэрэгжиж байна.

- Европын Холбооны Их Сургуулиудын Консорциумтай хамтран Дорнод Их сургууль, Ховд Их сургуулийн багш нартай хамтран "Тэгш хамруулах багшийн боловсрол" төслийг 2021 оноос хэрэгжээд эхэлсэн. 

Манай сургуулийн төгсөгчдөөс соёл, урлаг, утга зохиол, боловсрол, спорт, биеийн тамир зэрэг бүх салбарт олон зуун хүн үр бүтээлтэй ажиллаж байсан хийгээд ажиллаж байгаагийн заримыг дурдвал, академич, доктор Б.Лхамсүрэн, Б.Гунгаадаш, П.Хорлоо, шинжлэх ухааны доктор С.Галсан, Ч.Лхамсүрэн, Б.Даваасүрэн, Төрийн шагналт зохиолч С.Удвал, Л.Түдэв, С.Дашдооров, Ардын зураач Д.Чойдог, О.Цэвэгжав, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Л.Цогзолмаа, Д.Жигжид, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын багш Г.Батсүх, Д.Чойжилсүрэн, О.Отгонсүрэн, Ш.Шагдар, Ц.Цэвээн, Л.Гантөмөр, М.Цэрэндорж, Г.Лхаахүү, Хөдөлмөрийн баатар Д.Давга, Д.Базар, Х.Баянмөнх, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёо, Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт Б.Шарав нарыг дурдаж болно.

Одоогийн байдлаар тус сургуулиас МУ-ын Хөдөлмөрийн баатар 12, МУ-ын Ардын цолтон 17, МУ-ын Төрийн шагналтан 17, МУ-ын Гавьяат багш 125, МУ-ын урлаг, соёлын гавьяат 54, шинжлэх ухааны доктор 20, доктор 70 гаруй, зохиолч 50 гаруй, бага ангийн багш 37000 гаруй, соёл, гэгээрлийн ажилтан, номын сангийн ажилтан, цэцэрлэгийн багш, дуу хөгжмийн багш зэрэг ангиудыг 2000 гаруй хүн төгсөн гарчээ.