Сургалтын орчин

НОМЫН САН

Багшийн сургуулийн номын сан нь сан хөмрөгөө ДАА-21 шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад бага боловсрол мэргэжлийн ном, сурах бичиг болон бүх шинжлэх ухааны ном хэвлэлээр  үйлчилж шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг. 

Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 210 м2 талбайтай 90 суудалтай танхим, багаар ажиллах 2 өрөө, гэрээр ном олгох болон цахим нээлттэй, чөлөөт сонголтын үйлчилгээ  үзүүлж байна. Жилд давхардсан тоогоор 33500 уншигчид 35900 ном олгож, мөн авч үйлчилдэг. 

Мөн шинэ номоо данс бүртгэлд бүртгэх, цахимжуулах, сонин сэтгүүлээр үйлчлэхийн зэрэгцээ тэдгээрийг ангилах, үдэж цэгцлэх ажлыг хийдэг. 

2008 оноос Lib4U.net программд ном болон хэвлэлийн бүтээгдэхүүнийг электрон каталогт оруулах мөн уншигчдын мэдээллийн баазыг бий болгох номын сангийн үйлчилгээний мэдээллийг автоматжуулах  ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2017 онд уг мэдээллээ Кoha программд шилжүүлэн  МУБИС-ийн номын сангийн цахим каталогийн мэдээллийн баазыг бий болгон МУБИС-ийн оюутан, судлаач багш ажилтан албан хаагчдад номын сангийн үйлчилгээг үзүүлж ирсэн. https://catalog.msue.edu.mn/    

2019 оноос эхлэн цахим номын сангийн бааз бүрдүүлэн ажиллаж байна. https://msuemn.sharepoint.com/sites/lib

МУБИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжил

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан.

Оюутан суралцагчид орлого олж төлбөртөө нэмэрлэх, амьжиргааны зардлын эх үүсвэртэй болох, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, хөдөлмөрийн сахилга бат, соёлд сурах, хөдөлмөрт бэлтгэгдэх, суралцаж буй мэргэжпийнхээ дагуу дадлагажих, чадваржих, мэргэших, төгсөөд ажлын байраар хангагдах боломжоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаатай холбогдуулан хөдөлмөр зуучлал, цагийн ажил хийх, мэдээлэл авах, боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажиллаж, бүрэлдэхүүний сургууль тус бүр дээр оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажиллаж, төв бүр дээр мэдээллийн самбар ажиллуулж мэдээллийг хүргэж байна. НХЭГ-аас баталсан бүтцийн дагуу МУБИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвд МУБИС-ийн 2 оюутан  ажилладаг бөгөөд төвийн бүтэц нь 1 багш, 1 оюутан гэсэн бүрэлдэхүүн, бүтэцтэйгээр ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг хариуцаж буй оюутанд үйлчлэх ажилтнуудыг НХГ-аас зохион байгуулсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж энэ чиглэлээр зөвлөх эрхтэй болсон. 2017 онд 150 оюутан ажилд зуучлуулахаар бүртгүүлснээс 90 нь ажилтай болсон, 2018 онд 420 орчим оюутан ажил хийхээр бүртгүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдсанаас 154 нь цагийн ажилд зуучлагдсан байна. 2019-2020 онд НХЭГ-тай бүрэлдэхүүний сургууль бүр дээр ажиллаж буй ОХЭД төвүүдийн ажиллагч оюутнуудыг төлөөлүүлж гэрээ хийлгэн 1-12 дугаар сарын хугацаанд нийт 1100 оюутан ажиллахаар бүртгүүлж, 280 оюутан цагийн ажилд зуучлагдаж, нийтийг хамарсан болон цагийн ажилд 216 оюутан ажиллаж, 318 оюутан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж, ААНБайгууллагуудаас авсан ажлын байранд 616 оюутан хамрагджээ. Ажилласан оюутнууд бүрэлдэхүүн сургууль бүрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан НХГ-аас 200,000 төгрөгөөр цалинжин өөрийн сургуулийнхаа оюутнуудыг цагийн ажилд зуучлах, ажил хийв. Энэ үйл ажиллагаа нь оюутан суралцангаа ажиллах, оюутан оюутнаа албан ёсны эрхтэйгээр цагийн ажилд зуучлах, өөрөө суралцах, мөн илүү олон оюутныг цагийн ажил олоход туслах ажил боллоо. Цагийн тооцоог 2019 оны 12 сард НХГ-тай хийж, ажилласан оюутны тоо нийт 986-т хүрсэн байна.

Мөн ажил олгогч нартай хамтран ажиллах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, зорилгоор 2019 оноос эхлэн өнөө хүртэл  нийслэл, орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газар, төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, цэцэрлэгийн  удирдлагуудтай хийх уулзалт, өдөрлөгийг тасралтгүй зохион байгуулсаар байна.