Түүхэн замнал, танилцуулга

1922 онд  Ардын засгийн газрын тогтоолын дагуу, сургуулийн асуудал хариуцаж байсан Дотоодыг хамгаалах яамны шийдвэрээр Нийслэл хүрээнд “Багш нарыг бэлтгэх түр курс”-ийг 4 сарын хугацаатайгаар хичээллүүлж эхэлсэн нь Багшийн эхлэл болсон.

1923 онд Ардын засгийн газрын 135 тоот шийдвэрээр 4 сарын хугацаатай “Оюутны түр сургууль” болон өргөжсөн.

1924 онд 1 жилийн хугацаатай  “Оюутны сургууль” болж, багш, хууль цааз, харилцан туслах хоршооны эдийн засагч гэсэн 3 ангид монгол бичиг төсөөлдөг идэр насны 60 оюутныг элсүүлэн сургажээ.

1928 онд Ардын засгийн газрын тогтоолоор “Оюутны сургууль”-ийг “Багш нарыг бэлтгэх сургууль” болгон өргөжүүлж, суралцах хугацааг 3 жил болгон, 100 сурагч, 6 багштайгаар үйл ажиллагаа нь өргөжсөн.

1929 онд Дунд сургуулийн багш бэлтгэж, 1938 оноос 2 жилийн хугацаатай дээд сургуулийн бэлтгэл анги нээгдсэн нь Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулагдах суурь болсон.

1962-1973 онд  Соёл, гэгээрлийн ажилтан, номын сангийн ажилтан, цэцэрлэгийн багш, дуу хөгжмийн багш зэрэг ангиудыг шинээр нээсэн.

1983 онд Анхан шатны сургуулийн орос хэлний багшийн ангийг шинээр нээж, 2 анги төгсгөжээ.

1985 онд Пионерын удирдагчийн ангийг шинээр нээсэн.

1989 онд Биеийн тамирын багшийн ангийг шинээр нээсэн

1990 онд Монголд хэрэгжсэн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн багшийг сурган хүмүүжүүлэх дээд боловсролын түвшинд бэлтгэж эхэлсэн.

1992 онд Анхан шатны сургуулийн дээд боловсролтой багш бэлтгэдэг ᠌᠌᠌᠌᠌”Багшийн коллеж” болон өргөжсөн.

1993 онд Согог зүйч-бага ангийн багш, байгаль шинжлэл-бага ангийн багшийн ангиудыг шинээр нээсэн.

1997 онд МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль болж, бакалаврын зэрэгтэй бага ангийн багш+нэг хичээлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг болсон.

2002 онд Монгол улсын анхны Гавьяат багш, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит сургууль болсон.

2005 онд МУБИС-ийн Багшийн сургууль болсноор бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, арга зүйн хувьд улам боловсронгуй болж хөгжив. Бага ангийн багш+суурь боловсролын нэг хичээл заах чадвартай, хөрвөх багш бэлтгэсэн.

2008 онд 2+2 үзэл баримтлалын дагуу хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Монгол хэл, математикийн хичээлийг I-VI ангид заах, бусад хичээлээс 2-ыг сонгон мэргэшиж заах чадамжтай бага боловсролын багш бэлтгэсэн.

2014 онд Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийж, кредит системд шилжсэн. 3.5+1.5 интеграцчилсан загварыг хэрэгжүүлж, магистр бага боловсролын багш бэлтгэдэг болсон.