Хөтөлбөр

Дэлхий дахинд тулгамдаж буй боловсролын чанарын шинэчлэл нь суралцагчийг тодорхойгүй ирээдүйд бэлтгэх, төвөгтэй асуудлыг таньж мэдэх, шийдэх, дасан зохицох чадвар эзэмшүүлэх, энтрепренёр сэтгэлгээг төлөвшүүлэх, инноватор, бизнес удирдагчдыг дэмжин хөгжүүлэхэд бэлтгэхэд чиглэж байна. Үүнээс үндэслэн дасан зохицох, бие даан ажиллах, харилцааны чадварыг хөгжүүлэхэд бага боловсролын зорилгыг чиглүүлж, эдгээр чадварыг хөгжүүлдэг багшийн хэрэгцээ үүссэнээс хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго, хичээлийн агуулга, арга зүй шинээр томьёологдож эхэллээ. Тухайлбал хөтөлбөрийн үзэл баримтлалын шинэчлэгдсэн тулгуур ойлголтууд :

  • Шинэ эриний суралцагчийн сурах хэв маягт тулгуурлах
  • Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх (Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр)
  • Хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх, 2. боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, 3. Улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ. (Алсын хараа 2050, МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого)
  •  Боловсролын өөрчлөлтийн шаардлага, (Jarvis P., 1989) багшлахуйгаас суралцахуйд, амьдралын турш суралцах, МТХ мэдлэг түгээх хэрэгсэл болгох, салбар хоорондын мэдлэг…
  • Багшийн үүрэг сурах соёлыг бий болгох, дасгалжуулагч байх, харилцан яриа, маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн харилцааг дэмжиж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байх ёстой (Ариунболд.Ж, 2022.,СХБОАЗ)
  •  Боловсролын салбарт баримталж буй үзэл баримтлал, парадигмын нөөц шавхагдсаныг ухаарч системийн сэтгэлгээний үндсэн дээр бүх талын оролцоотой боловсролын систем, сургалтын байгууллагуудыг дахин дизайн хийх (Бадарч.Д, Системийн сэтгэлгээ)
  • Хүмүүнлэгийн үнэт зүйлийг бүх талаар дэмжих
  • Амьдралын турш ур чадвар, чадамж эзэмшүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тогтвортой ирээдүйд бэлтгэх
  • Цахим ба хүмүүний харилцааны ирээдүйг  тэгш хүртээмжтэй, ёс зүйтэй болгох (Их сургуулиудыг өөрчлөх 7 чиглэл, 1999, 2030 он хүртэлх дээд боловсролын талаарх цогц бодлого)

Багш мэргэжлийн тодорхойлолтод багш мэргэжлийн чадамж, заадаг хичээлийн чадамжийг хүрээ болгон авч үзэж байсан бол хувьсан буй боловсролын шинэчлэл багш мэргэжлийн чадамжийн хүрээг өдөр бүр сайн багш байх, юу зааж байгаагаа мэддэг байх, суралцагчаа дэмжих чиглүүлэх, нийгэмд байр сууриа эзлэх гэсэн 4 чадамжийн хүрээнд хувааснаас үндэслэн Багшийн сургуулийн багш бэлтгэх чадамжийн хүрээг 2014 оноос хойш хувь хүний чадамж, багш мэргэжлийн чадамж, мэргэшиж буй мэргэжлийн чадамж гэсэн 3 хүрээгээр тодорхойлж, заадаг хичээлийн, судалгааны ажил эрхлэх, хөтөлбөр, агуулга хөгжүүлэх, сэтгэл хөдлөлийн, нийгэмшихүй соёлын, насан туршдаа суралцахуйн, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл харилцааны, байгаль орчны, дижитал хэл, сэтгэлгээний чадамжууд гэж ангилж, багш бэлтгэх зорилгоо тодорхойлж байна. 2014 онд шинэ зууны багшийн загвар боловсруулахдаа үнэт зүйл, хандлагaа тодорхойлж, үүнийг эш үндэс болгон хувь хүний суурь чадамж, багш мэргэжлийн чадамж, академик  судлагдахууны чадамжаа тодорхойлсон.