МУБИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР А.ОЮУНТУНГАЛАГ "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор А.Оюунтунгалагт "Монгол Улсын Гавьяат Багш" цол хүртээв.

Тэрээр 1986 онд УБДС-д элсэн орж, сургуулиа төгссөн цагаас эхлэн УБДС болон МУБИС-ийн Багшийн сургуульд тасралтгүй 37 дахь жилдээ багшилж байгаа юм. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй багш, мэргэжилтнийг бэлтгэн гаргахад биечлэн оролцжээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны гол амжилтууд:

Бүтээл туурвил: Зохиогчийн эрхийн 4 гэрчилгээ, 15 монографи (3 нь Англи, ОХУ, Хятад улсад хэвлэгдсэн), 28 сурах бичиг, гарын авлага зохиож, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлсэн.

Шинэлэг сурах бичгүүд: ЕБС болон Их, дээд сургуулиудад зориулсан "Багшийн ёс зүй, заах арга зүй" болон "Хүн ба нийгэм, заах арга зүй"-н сурах бичгүүдийг улсын хэмжээнд анх удаа зохион хэвлүүлж, одоо хүртэл сургалтад ашиглаж байна.

Хамтын ажиллагаа ба удирдлага: Гадаад, дотоодын 10 гаруй судалгааны төсөлд үндэсний зөвлөхөөр ажиллаж, Монгол болон БНХАУ-ын 2 доктор, 30 магистрын ажил удирдан хамгаалуулжээ.

Аман түүхийн цуврал: МУБИС болон Багшийн сургуулиас төрсөн Ардын ба Гавьяат 350 гаруй багшийн ярилцлагыг 750 орчим оюутны хамт удирдан зохион байгуулж, "Билиг оюуны эх сурвалж I, II, III, IV" цуврал номыг туурвисан байна.

Гавьяат багш А.Оюунтунгалаг нь АНУ, Энэтхэг, ОХУ, БНСУ, Унгар зэрэг олон улсын нэр хүндтэй сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, Монгол судлал болон багш бэлтгэх арга зүйг олон улсад сурталчлан таниулахад жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Бусад мэдээ