ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД БАТЛАГДЛАА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас дээд боловсролын салбарын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, дижитал болон хиймэл оюунд суурилсан шинэчлэл хийх стратегийн 8 гол зорилтыг танилцууллаа. Дээд боловсролын чанар, үр өгөөж, хүртээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээл болон улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай хүний нөөц бэлтгэх зорилгоор 2026-2027 оны хичээлийн жилийн зорилтуудыг тодорхойлсон байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд судалгаа-инноваци, үйл ажиллагааны уялдааг бэхжүүлж, өгөгдөл, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан дээд боловсролын тогтолцоонд шилжихийг онцгойлон дэмжихээр тусгажээ.
Дээд боловсролын салбарын 8 стратеги зорилт:
- Өгөгдөлд суурилсан удирдлага: Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан удирдлагыг хөгжүүлж, салбарын мэдээллийг нэгдсэн системд бүрэн нэгтгэн, нотолгоо болон шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлнэ.
- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл: Хөдөлмөрийн зах зээл, технологийн хөгжилд нийцүүлэн кредит, микро кредит, ажлын байранд суурилсан болон уян хатан сургалтын хэлбэрийг өргөжүүлэн, үр дүн ба ур чадварт суурилсан шинэчлэл хийнэ.
- Чанарын баталгаажуулалт: Сургалтын чанарыг суралцагчийн үр дүн, төгсөгчийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтэд тулгуурлан үнэлж, дотоод болон олон улсын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.
- Багш, судалаачдын чадавхжуулалт: Багш, судлаачдын дижитал болон хиймэл оюуны чадамжийг хөгжүүлэн, олон улсын академик хамтын ажиллагаа, солилцоо болон хамтарсан судалгааг өргөжүүлнэ.
- Судалгаа ба инноваци: Судалгааг улс орны хөгжлийн хэрэгцээтэй уялдуулан, их сургууль-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж, судалгааны үр дүнг инноваци, технологид нэвтрүүлнэ.
- Суралцах таатай орчин: Суралцагчдын ялгаатай хэрэгцээнд нийцсэн сургалт, судалгаа, дэмжих үйлчилгээний эрүүл, ногоон, хүртээмжтэй, ухаалаг дэд бүтэц, орчныг бүрдүүлнэ.
- Нийтийн оролцоо ба ёс зүй: Суралцагчдын нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадамжийг төлөвшүүлж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлнэ.
- Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын хамтарсан хөтөлбөр, академик хөдөлгөөнийг өргөжүүлэн, их сургуулиудын олон улсын магадлан итгэмжлэл, эрэмбийг ахиулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.