ЗАХИРАЛ Г.БЯМБАЦЭРЭН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

 

МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Бямбацэрэн сургуулийнхаа 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлангаа багш, ажилтнуудын хамт олондоо танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг хийлээ.

Уг тайлангийн хэлэлцүүлгээр 2025-2026 оны хичээлийн жилийг "Хөтөлбөрийн шинэчлэл, чанарын жил" болгон зарлаж, сургалтын чанар, багшийн эрдэмжилт, суралцагчдын хөгжил болон орчин үеийн дижитал шилжилтийн чиглэлээр хүрсэн үр дүн, цаашдын стратегийн зургаа боловсруулсныг онцоллоо.

1. Сургалтын чанар, элсэлт ба суралцагчдын хөгжил

Элсэлт ба суралцагчдын тоо: 2025-2026 оны хичээлийн жилд Багшийн сургуульд нийт 1,739 суралцагч (бакалаврын түвшинд 76%, магистрын түвшинд 24%) суралцаж байгаа бөгөөд бакалаврын элсэлтийн хяналтын тоо 100–115%-ийн биелэлттэй байна.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: Бакалаврын болон ахисан түвшний 4 хөтөлбөр бүгд 5–8 жилээр магадлан итгэмжлэгдэж, сургалтын чанар олон улсын стандартад нийцэж байгааг тайлагнав.

2. Эрдэм шинжилгээ, инноваци ба судалгааны төслүүд

Багш нарын эрдэмжилт: Нийт багш нарын 60% нь докторын зэрэгтэй болсон бөгөөд сургуулийн эрдэмжилтийг бэхжүүлж, доктор багш бүр Impact Factor (IF) ба Web of Science (WoS) сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Судалгааны төсөл, тэтгэлэг: Докторын дараах болон суурь судалгааны төслүүд амжилттай хэрэгжиж байгаагийн дотор "Магистрын сургалтын хөтөлбөр дагасан онлайн сурах бичиг" болон бусад багш, суралцагчдад олгох судалгааны тэтгэлэгт төслүүд багтаж байна.

3. Бүтээн байгуулалт ба сургалтын орчны шинэчлэл

Оюутан, багшдаа ээлтэй орчин: 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Багшийн сургуулийн "Эх хүүхдийн өрөө" (108 тоот) үүд хаалгаа нээж, 2025-2026 оны төгсөгчид Оюутны хөгжлийн танхимыг иж бүрэн сэргээн засварлалаа. .

Лаборатори ба сургалтын танхимууд: 106, 117 (ХХТ), болон 310 тоот иж бүрэн байгалийн ухааны лаборатори, сургалтын танхимуудын засвар тохижилтыг хийж гүйцэтгэсэн.

4. Санхүү, төсвийн төлөвлөлт ба стратегийн SWOT шинжилгээ

Санхүүгийн төлөвлөлт, бараа үйлчилгээний зардлуудын тухай тайлагналаа.  

Ирээдүйн боломж ба дижитал шилжилт: Хиймэл оюун ухааныг (AI) багшийн туслахаар ашиглах, дижитал багшийн чадамжийг хөгжүүлэх, англи хэл дээр заах сургалтын хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг ирээдүйн стратегийн боломжуудыг хамт олны дунд хэлэлцэн тодорхойллоо.

Хамт олноор хийсэн нэгдсэн хэлэлцүүлгийн төгсгөлд багш, ажилтнууд сургуулийнхаа ололт амжилт, бүтээн байгуулалтыг сайшаан баталж, цаашдын зорилтуудыг биелүүлэхэд идэвхтэй оролцохоо  илэрхийлж асуулт, саналууд явагдлаа.

Бусад мэдээ