2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсын Ардын багш Ц.Цэвээний нэрэмжит “Бага ангийн багш нарын улсын уралдаан” хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаан нь нийслэлийн Улсын тэргүүний I сургууль дээр болж, багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор явагдсан юм.
Энэ удаагийн уралдаанд улсын хэмжээнд нийт 90 гаруй бага ангийн шилдэг багш нар болон МУБИС-ийн Багшийн сургуулийн 6 оюутан, 2 магистрант амжилттай оролцлоо. Уралдааны хүрээнд оролцогчид дараах чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорьсон байна. Үүнд:
Математик, Монгол хэлний хичээлийн арга зүй,
STEAM хэрэглэгдэхүүн ашиглан байгалийн ухааны туршилт хийх арга зүй,
“Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” сэдвийн хүрээнд мультимедиа контент бүтээх бүтээлч өрсөлдөөнүүд багтжээ.
МУБИС-ийн Багшийн сургуулийн магистрант Г.Золзаяа, 4-р курсийн оюутнууд болох А.Энхжаргал, А.Оюунтүлхүүр нар багш мэргэжлийн шилдгүүдтэй өрсөлдөн, тусгай байрын шагнал хүртсэн нь бахархам амжилт боллоо. Мөн тэмцээнд оролцсон бусад оюутнууд ч мэргэжлийн чадавх, бүтээлч хандлагаа бататгаж, үнэтэй туршлага хуримтлуулсан юм.
Уралдаанд амжилттай оролцсон нийт багш, оюутнууд болон тэднийг чиглүүлэн бэлтгэсэн багш нартаа талархал илэрхийлж, цаашдын ажил, судалгаанд нь өндөр амжилт хүсье.
МУБИС – Багшийн сургууль