“Эх аялгуу” ая зохиогч ОЮУТНЫ наадам гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эх аялгуу” ая зохиогч оюутны наадам амжилттай болж өндөрлөлөө.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд Хөгжмийн боловсролын тэнхимийн 1-4 дүгээр курсийн оюутнууд өөрсдийн ур чадвар, авьяас билгээ сорин оролцож, шинэ бүтээл туурвихын зэрэгцээ хөгжмийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр орууллаа.

Энэхүү уралдаан нь залуу уран бүтээлчдийг дэмжих, үндэсний хөгжмийн өв соёлыг өвлүүлэх, орчин үеийн өнгө аястай шинэ уран бүтээл төрүүлэх зорилготой бөгөөд энэ жилийн наадам ч мөн адил шинэлэг, уран сэтгэмж дүүрэн бүтээлүүдээрээ онцлог байв.

Наадмын шүүгчээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг, Монгол Улсын Гавьяат багш С.Батболд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн О.Сундуй нар ажиллаж, оюутнуудын бүтээлийг үнэлэн, мэргэжлийн чиглэлээр үнэтэй зөвлөгөө, санал бодлоо харамгүй хуваалцсан нь оролцогчдод урам зориг нэмж, цаашдын уран бүтээлд нь үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.

Наадмын онцлох мөчүүдийн нэг нь МУСГЗ О.Сундуй багшийн “Бөөдий бөмбөрсөн нь” шүлэгт ХБТ-ийн 2-р курсийн оюутан Дэлгэрмөрөн ая зохиож, дуу болгон амилуулсан бөгөөд уг бүтээлд шүүгч багш гүнээ талархан, өөрийн гарын үсэгтэй ном, бүтээлийг бэлэглэсэн явдал байв.

Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, бүтээлийн чанар, уран сайхны түвшин дээшилж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү наадмыг амжилттай зохион байгуулахад идэвхтэй оролцсон оюутан, багш нартаа болон дэмжлэг үзүүлсэн МУБИС-ийн Багшийн сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Мөн анх санаачилж, тасралтгүй 3 дахь жилдээ зохион байгуулж буй багш Д.Батсүхэд гүн талархал илэрхийлье.

МУБИС – Багшийн сургууль
Хөгжмийн боловсролын тэнхим

Бусад мэдээ